ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

Түүхэн замнал

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2016-01-8
Булган аймгийн нутагт орших Эрдэнэтийн овооны зэс молибденийг олборлох, баяжуулах том бүтээн байгуулалттай холбогдуулж анх Сэлэнгэ аймгийн Орхон сумын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаас салбарлуулан 110кВ-ын хүчдэлээр 2х6300кВА-ын түр дэд станцаас Эрдэнэт хотыг 1974 оны өвлөөс тэжээх болжээ.
Эрдэнэт-Хялганатын 110кВ-ын 2 хэлхээт шугам, дэд станц, Эрдэнэт-Улаантолгойн 35кВ-ын шугам, дэд станц, мөн Галуут нуур-Улсын хил, Улсын хил-Дарханы 220кВ-ын хоёр хэлхээт өндөр хүчдэлийн агаарын шугам, дэд станц, Эрдэнэтийн 220/110/35/6кВ-ын дэд станцууд 1975 оны 12-р сард байнгын ашиглалтанд орсноор Түлш эрчим хүчний үйлдвэр, Геологийн яам, Төвийн эрчим хүчний системийн захиргаанд Дархан Сэлэнгийн Цахилгаан Шугам Сүлжээний Газрын харъяа Эрдэнэтийн Цахилгаан Шугам Сүлжээний Салбар байгуулагджээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 12-р сарын 5-ны өдрийн 377 дугаар тогтоолоор Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт-Булганы Цахилгаан Шугам Сүлжээний Газар байгуулагдсан түүхтэй.
Эрчим хүчний үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хорооноос Эрдэнэт-Булганы Цахилгаан Шугам Сүлжээний газарт бүтцийн өөрчлөлт хийж, Үйлдвэр техникийн хэлтэс, Диспетчерийн алба, Эрчим хүч борлуулах алба, Булган аймаг дахь салбар, Шугамын хэсэг, Дэд станцын хэсэг, Авто граж, Захиргаа аж ахуй, Санхүү зэрэг үйлдвэрлэлийн найман нэгжтэй 120 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа өрнүүлж эхэлжээ.
1984 онд Булган аймгийн төвд 2х10000кВА-ын чадалтай 110/35/10 кВ-ын дэд станц, Булган-Хархорины 200км гаруй урт 2 хэлхээт 110кВ-ын шугам, Хархорины төвд 2х10000кВА чадалтай 110/35/10кВ-ын дэд станцыг барьж ашиглалтанд оруулснаар Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, тэдгээрийн сумдыг төвлөрсөн эрчим хүчний хангамжтай болгох түүхэн боломж нээгдсэн байна.
Эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 7-р сарын 9-ний өдрийн 164 дүгээр тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдөр “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдсан.
Өдгөө бүтэц зохион байгуулалтын хувьд Булган, Архангай, Өвөрхангай, Хархорины гэсэн орон нутгийн 4 салбартай, төвдөө Захиргаа удирдлагын, Техникийн, Санхүү тайлан бүртгэлийн, Хяналтын, Эрчим хүч борлуулалт маркетингийн 5 хэлтэст харьяалагдах нийт 623 ажиллагсадтайгаар түүхт 35 жилийнхээ ойтой золгож байна.