ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн цахим систем www.ebedn.mn сайт ашиглалтанд орлоо. Уг систем нэвтэрснээр хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банк, виза, мастер картаа ашиглан онлайнаар төлөх, төлбөрийн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцах, санал хүсэлтээ илэрхийлэх, тоолуурын мэдээлэл, бичилт, заалтаа харах, гэрээний мэдээллээ харах, шинэчлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм. Хэрэглэгч та цахим системийг ашиглахдаа өрхийн тэргүүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаар зөв байгаа эсэхэд хяналт тавьж, зөрүүтэй байгаа тохиолдолд хариуцсан байцаагч, операторууд, борлуулалтын нягтлан бодогч нарт хандан шинэчлүүлэх, www.edc.mn, www.facebook.com/ebedc цахим хуудсуудаар дамжуулан санал сэтгэгдлээ илэрхийлэх, түүнчлэн хэрэглэгчийн код болох 8 оронтой дугаараа мэддэг болох зэргээр бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллана уу.

ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ АРГУУД

Нийтэлсэн: Админ Огноо 2016-03-26
1. Цахилгаан чийдэн - Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс 8 дахин урт хугацаанд ашиглаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

2. Цонх - Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.

3. Хоолны сав - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл та Хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаараа хоолыг болгоход шаардагдах эрчим хүчийг асар их хэмжээгээр нь хэмнэх боломжтой. Даралтат/битүү чанагч тогоо эсвэл жигнүүр, зэрэг нь тогийг ингэснээрээ 70% хүртэл хэмнэх боломжтой.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-07-21
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль

2008 оны 05 сарын 22 өдөр

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж
2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль[1], Хөдөлмөрийн тухай хууль,[2] энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;
3.1.2.“хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг;
3.1.3.“хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг;
3.1.4.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг;
3.1.5.“үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг;
3.1.6.“үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг;
3.1.7. ”ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг;
3.1.8.”эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг;
3.1.9. ”ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;
3.1.10.”хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг;
3.1.11.“тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;
3.1.12.”нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;
3.1.13.“хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг;
3.1.14.”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг;
/Энэ заалтад 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.15.”ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг;
3.1.16.“үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг;
3.1.17.“хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг;
3.1.18.”үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг;
3.1.19.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг.

3.1.20.“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;
/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.21.“үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг;
/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.22.“эрсдэлийн түвшин их ажлын байр” гэж хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байхыг.
/Энэ заалтыг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1. Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ:
4.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан;

4.1.2. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн;
4.1.3.иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид;
4.1.4. аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч;

4.1.5. хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
4.1.6. хоршоо, нөхөрлөлийн гишүүд;
4.1.7. ял эдэлж байгаа хоригдол;
4.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн.
4.1.9. хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн.
5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчим
5.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ.
5.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хэм хэмжээний шаардлага нэгдмэл байх;
5.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрэгжүүлэх байнгын хяналтын тогтолцоог хангах;
5.2.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийн ил тод, үнэн бодит байдлыг хангах;
5.2.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.

Эрчим хүчний тухай хууль

Нийтэлсэн: Б.Ганбат Огноо 2015-07-21
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хууль тогтоомж
2.1. Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
2.4.Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
2.5.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.2.“эрчим хүчний нөөц” гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болох бүх төрлийн түлш, сэргээгдэх болон бусад эх үүсвэрийг;
3.1.3.“түлш” гэж цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглагдах бүх төрлийн нүүрс, занар, мазут, газрын тос, уран ба торийн хүдэр, тэдгээрийн дагавар бүтээгдэхүүн болон баяжмал, байгаль дээр оршиж байгаа биомасс, бусад органик материал, хийн түлшийг;
3.1.4.“эрчим хүчний эх үүсвэр” гэж эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг;
3.1.5.“нэгдсэн сүлжээ” гэж цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний нэгдлийг;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.6.”нэгдсэн сүлжээний дүрэм” гэж нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.7.“цахилгаан дамжуулах сүлжээ” гэж нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдлийн шугам, дэд станц, түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон, эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай бусад хүчдлийн шугам, дэд станцыг;
/Энэ заалтад 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.8.“цахилгаан түгээх сүлжээ” гэж эх үүсвэрээс шууд холбогдсон болон цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх цахилгаан түгээх зориулалт бүхий 110кВ, түүнээс доош шугам, дэд станцыг;
/Энэ заалтад 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.9.“эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;
3.1.10.“эрчим хүчний барилга байгууламж барих” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхийг;
3.1.11.“төвлөрсөн дулаан хангамж” гэж дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болон дулааныг дангаар үйлдвэрлэдэг эх үүсвэрээс диспетчерийн зохицуулалттайгаар, эсхүл төв суурин газрын нийт хэрэглээний 50 хувиас дээш хэсгийг шугам сүлжээгээр хангах үйл ажиллагааг;
3.1.12.“төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм” гэж төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.13.“дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
3.1.14.“дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг;
3.1.15.“халаалтын улирал“ гэж барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай, хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтэд тулгуурлан тогтоосон хугацааг;
3.1.16.“эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
3.1.17.”эрчим хүчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид “зохицуулалттай тариф” гэх/-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;
3.1.18.“эрчим хүчний зохицуулалтгүй хангалт” гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдахыг;
3.1.19.“хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;
3.1.20.“хэрэглэгчийн зэрэглэл” гэж эрчим хүчээр хангах гэрээний нөхцөл болон эрчим хүчний хэрэглээний хэмжээ, хугацаанаас хамааруулан хэрэглэгчийг ангилахыг;
3.1.21.“аж ахуйн харилцааны дүрэм” гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг;
3.1.22.“тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг;
/Энэ заалтад 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.1.23.“цөмийн эрчим хүчний нөөц” гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;
3.1.24.“цөмийн эрчим хүч” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг;
3.1.25.“цөмийн эрчим хүчний эх үүсвэр” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж эрчим хүч үйлдвэрлэж байгаа байгууламжийг;
3.1.26.“диспетчерийн зохицуулалт” гэж диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг;
3.1.27.“индексжүүлэлт” гэж хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулахыг;
3.1.28.“аюулгүйн нөөц” гэж гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг сулруулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний аюулгүй байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай нөөцлөх түлш, шатах тослох материал, тоног төхөөрөмж, бэлтгэл чадлыг;
/Энэ заалтад 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.29.“хэрэглэгчийн ангилал” гэж хэрэглээний шинж чанар, эрчим хүчээр хангах зардал зэргийг үндэслэн хэрэглэгчийн тарифыг тогтоох зорилгоор хэрэглэгчийг ангилахыг.
3.1.30.“хийн хангамжийн дүрэм” гэж метан хийн хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн хяналтын нэгдсэн зохицуулалт, техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.31.“хийн хангамжийн сүлжээ” гэж метан хийг боловсруулах, цэвэрлэх, хадгалах, тээвэрлэх, дамжуулах, түгээх шугам, тоног төхөөрөмж бүхий төлөвлөлт, эдийн засаг, удирдлага, зохицуулалтын нэгдмэл үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.32.“магадлал” гэж эрчим хүчний барилга байгууламж, түүнд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, техник, технологи, нэгдсэн төсөв нь норм, дүрэм, стандартын шаардлага хангасан талаар мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.33.“бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” гэж эрчим хүч экспортлох, эсхүл гэрээний хугацаанд хэлцлийн үнээр эрчим хүч нийлүүлэх хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай эрчим хүч үйлдвэрлэгчийг;
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.34.“эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг.
/Энэ заалтыг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Өмнөх Дараах
Top